У.Хүрэлсүх: Эрчүүдийг эх орноо хайрладаг, эмэгтэй хүнийг хайрладаг болгож төлөвшүүлэх ёстой

Боловсролын багц хуулийн цахим хуулийн төслийн хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна.

Тэрбээр энэ үеэр “Засгийн газраас санаачлан боловсруулж байгаа Боловсролын багц хжулийн төслийг улсын хэмжээнд нээлттэй зохион байгуулж санал авъя. Өргөн хэлэлцүүлэг зохион байгуулъя гэж энэ оны арваннэгдүгээр сарын 5-аас эхлэн зохион явуулж байна.

Боловсрол бол хүний хөгжлийн суурь, сайн сайхан амьдралын түлхүүр болдог. Боловсролын чанарыг сайжруулж, ирээдүйн монгол хүний хүмүүжил, мэдлэг чадварт анхаарах цаг болсон. Үүнийг улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж байна. Боловсролын хуулийн шинэчлэлийн хүрээнд нэгдүгээрт, боловсролын зорилгыг үндсэн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлагатай. Хоёрдугаарт, боловсролын хөтөлбөр, сургалтын агуулгыг сургахаас суралцахуй руу чиглэсэн дэлхий нийтийн боловсролын хөгжлийн чиг хандлагад уялдуулах, гуравдугаарт, боловсролын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, улс төрөөс хараат бус байлгах, мерит тогтолцоонд суурилсан тогтолцоог бий болгох. Дөрөвдүгээрт, боловсролын цахим шилжилт зайны сургалтын эрх зүйн шинэчлэлтийг хийх, тавдугаарт, боловсролын чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан боловсролын санхүүжилтийг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байна.

Өөр бусад асуудал бий. Үүнийг эрдэмтэн, мэргэд багш нар хэлэлцүүлгийн явцад хэлэх байх. Та бүгдийн санаа бодол бидэнд их чухал байна. Сургуулийн босгыг анхлан давсан хүүхдийг ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай иргэн болгож, төлөвшүүлэх шаардлагатай. Үндэсний их өв соёл, төрт ёс, эх оронч үзлээр төлөвшүүлэх, дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлагатай.

Би Ерөнхий сайдын хувьд, эцэг хүний хувьд энэ хуралд оролцож байна.

Хүүхдийг хүмүүжүүлэх гэж том ажил байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүмүүжил их хоцрогджээ. Тиймээс багш хүн бол хүүхдээ сургахын зэрэгцээ хүмүүжүүлэх үүрэгтэй гэж үздэг. Нэн ялангуяа сургуулийн орчинд хүүхдийг хүмүүжүүлэх. Гэр бүл, сургууль хоёр нэгдмэл гэж хардаг. Ялангуяа хөвгүүдийнхээ хүмүүжилд анхаарал хандуулах цаг болжээ. Эх орноо хайрладаг, эмэгтэй хүнийг, эх хүнийг хайрладаг ийм эрчүүдийг төлөвшүүлэх ёстой.

Сургалт хүмүүжил хоёр нэгдмэл зүйл гэж хардаг.

Улс орноо хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлэх ёстой. Хүнээ хөгжүүлэхийн тулд багшаа хөгжүүлэх, дэмжих ёстой. Багш хүн энэ нийгмийн эхлэл болдог. Хөгжлийн суурийг тавьдаг хүмүүс. Мөн эцэг эхчүүд өөрийгөө болон хүүхдүүдээ байнгын хөгжүүлж байх ёстой. Энэ бол үүрэг. Хамтарч ажиллаж байж боловсролын системд ахиц гарч, үр хүүхэд зөв хүмүүжнэ" гэлээ.

А.Сүх