У.Хүрэлсүх: Халдварыг дотооддоо алдахгүйн төлөө хором ч сэрэмж алдаж болохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар нарын албаныхан МХЕГ-т өнөөдөр ажиллалаа. МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга энэ үеэр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр " Бидний гол анхаарлаа хандуулж байгаа асуудал бол коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажил юм. Өнөөдрийн байдлаар 15 боомтод 485 улсын байцаагч, 121 ариутгагч, лабораторийн шинжээч, албан хаагч ажиллаж байна. Манайд илэрсэн “Ковид-19”-ийн тохиолдлын 40 гаруй хувь нь зөвхөн Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн иргэдээс илэрсэн. Тиймээс хойд хилийн боомтуудын хяналтыг чангатгах арга хэмжээ авч байна. Гэсэн ч хамгийн халуун цэг болох боомтуудад нэн даруй шийдвэрлэх олон асуудал бий” гээд зарим боомт дахь тусгаарлах байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

МХЕГ-ын дарга Т.Гантулгын мэдээллийн дараа Ерөнхий сайд 21 аймаг, 26 хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 орчим ажилтан албан хаагч, бие бүрэлдэхүүнтэй цахимаар уулзаж, хилийн боомтуудад ажиллаж байгаа албан хаагчдын ажиллах нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг сонсов. Энэ үеэр Ерөнхий сайд “Дэлхийн олон улс орнууд коронавирусний хоёрдахь давалгаа эхэлснийг мэдэгдэж, хариу арга хэмжээг авч байна. Монгол Улс дотооддоо уг вирусийн халдварыг алдаагүй цөөхөн орны нэг болж үлдлээ. Бид  3.3 саяулхнаа, тиймээс халдварыг дотооддоо алдахгүйн төлөө анхаарал сэрэмжтэй байж,  хараа хяналтаа улам сайжруулах ёстой. Энэ завшааныг ашиглан коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд хамгийн түрүүнд, халуун цэгт нь ажиллаж байгаа Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Та бүхний хичээл зүтгэл, эр зоригийн хүчээр өнөөдөр Монгол Улс тайван байна. Гэхдээ хором ч сэрэмж алдаж болохгүй. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ч мэргэжлийн хяналтын байгууллага оройлон маш сайн ажилласныг онцолмоор байна. Өнгөрсөн өвөл Нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар бууруулахад Мэргэжлийн хяналтын 530 гаруй байцаагч өдөр шөнийг ялгалгүй ажилласныг бид мэднэ” гэлээ.

Өнөөдрийн байдлаар МХЕГ, 21 аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, байнгын үйл ажиллагаатай 26 хилийн боомт, 16 гүний терминалд 26 хяналтын чиглэлийн 2200 улсын байцаагч 105 хууль, 4400 стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа аж. Тус байгууллагын алба хаагчид 2020 оны нэгдүгээр сарын 6-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын хилээр нэвтэрсэн 330 гаруй мянган тээврийн хэрэгсэл, 500 орчим мянган зорчигчид хяналт, эрүүл мэндийн  тандалт хийж, 21353 зорчигчийг тусгаарлах байранд шилжүүлэн, халдварын сэжигтэй гадаадын 100 орчим иргэнийг холбогдох байгууллагатай хамтран орон руу нь буцаажээ. Түүнчлэн 2019-2020 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг зөрчсөн 109 зөрчлийг илрүүлэн, 716 тонн түүхий нүүрсийг журамласан байна.