АНУ-ын программ хангамжийн тэргүүлэх “Microsoft” компани Хятадын “TikTok” видео бичлэгийн аппликейшныг худалдаж авахыг оролдсон ч бүтэлгүйтэв. “Microsoft” компани “TikTok”-ыг худалдаж авахаар Хятадын “ByteDance” технологийн компанид санал тавьсан ч татгалзсан хариу авчээ.

“Microsoft” компаниас мэдээлснээр “TikTok” аппликейшныг АНУ, Канад, Австрали, Шинэ-Зеланд улсад ашиглах эрхийг худалдаж авахаар “ByteDance” компанитай хэлэлцэж байсан аж. Ингэснээр “TikTok” аппликейшныг худалдан авахыг санаархаж буй АНУ-ын өөр нэг технологийн фирм болох “Oracle” компанид боломж олгожээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долдугаар сард “TikTok” видео бичлэгийн аппликейшныг өөрийн улсад хориглохоо мэдэгдсэн юм. Улмаар Дональд Трамп Хятадын компанийг аппликейшныхаа АНУ-д ашиглах эрхийг 45 хоногийн дотор тус улсын фирмүүдэд худалдах эсэхийг шийдэх хугацаа өгчээ.

“TikTok” бол олон улсад амжилттай тархсан, Хятадын цөөхөн аппликейшны нэг. Гэвч тус аппликейшныг хэрэглэгчдийн аюулгүй байдал болон цензурын улмаас Энэтхэг, Япон зэрэг хэд хэдэн оронд хориглоод байгаа юм. Цагаан ордны мэдээллээр “TikTok” аппликейшныг АНУ-д 100 сая орчим хүн хэрэглэдэг гэх судалгаа гарчээ.

“ByteDance” компани 2016 онд “TikTok” аппликейшн гаргасан нь Азид төдийгүй АНУ, Европын өсвөр үе, залуусын дунд ихэд алдаршсан юм. “Sensor Tower” аппликейшн хяналтын байгууллагаас мэдээлснээр TikTok” аппликейшныг хоёр тэрбум гаруй удаа татан авчээ. Тус аппликейшн ердөө 15 секундын видео бичлэгээр дамжуулан хөгжмийн аян дээр ам барих, бүжиглэх болон бусад видео хийх боломжийг хэрэглэгчдэд олгодог.

Эх сурвалж: RT