"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас санаачлан иргэд хувьцаа эзэмшигчиддээ хөрөнгийн зах зээл, үнэт цаас, 1072 хувьцаа болон компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээх зорилгоор орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд уулзалт, сургалтууд зохион байгуулаад байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн "1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн ажилтнууд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр "Өгөөж” ХХК-ийн 170, Замын хөдөлгөөн удирдлагын төвийн 36, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны 15 ажилтанд зөвлөгөө өгч, сургалт зохион байгууллаа.
"Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанид хүсэлтээ ирүүлсэн аж ахуй нэгж байгууллагуудад үнэ төлбөргүй сургалт явуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 70 гаруй байгууллагын ажилтан албан хаагч, дүүрэг хороодын 10 мянга гаруй иргэнд хөрөнгийн зах зээл, үнэт цаас, 1072 хувьцааны талаар мэдээлэл өгөөд буй юм.
Өнгөрсөн хугацаанд Ховд, Баян-Өлгий, Увс, Дархан-Уул, Булган аймгуудад хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг амжилттай зохион байгуулж, нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүргийн хороодод сургалт явуулж дууссан бөгөөд Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хороодод сургалтаа эхлүүлээд байна.