Импортын машин тухайн улсдаа мөргөлдсөн эсэхийг шалгах манай улсын хяналт дутмаг

-Энэ оны эхний есөн сарын байдлаар нийт  45 мянга гаруй авто машин импортоор оруулж иржээ-

Жил ирэх бүр авто машины хэрэглээ нэмэгдэж байгаа. Гэхдээ импортоор орж ирүүлж байгаа хуучин авто машинууд хэр найдвартай вэ гэсэн асуулт олон нийтийн дунд байсаар байна. Авто машин бол хүний эрүүл мэнд, цаашлаад амь настай шууд холбоотой хэрэглээ юм. Тиймээс импортын авто машинд хийж байгаа хяналт, шалгалтаа улам сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.    

Хэдэн жилийн өмнө нэгэн суудлын авто машин осолдож хүний амь нас эрсдэж байсан харамсалтай хэрэг гарч байсан. Осолдсоны дараа мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарахад тухайн машиныг тэнхлэг тэг дундуур нь залгаж, гагнасан байсан юм. Түүнээс хойш хяналт шалгалт сайжирсан ч хуучин машины импорт нэмэгдсээр байгаа юм. Гэхдээ импортын машиныг тухайн улсдаа гэмтсэн, мөргөлдсөн байсан эсэх дээр хийх манай улсын хяналт шалгалт дутмаг байсаар байна.

Гаалийн байгууллага мөн л ялгаагүй оруулж ирж байгаа машиныг бүрэн бүтэн эсэхэд хяналт тавьдаггүй.  авто машины импортод Онцгой албан татвараар дамжуулан тодорхой хязгаар тогтоож ажилладаг. Импортын машины гэрчилгээ, бичиг баримт дээр өмнө нь мөргөлдөж байсан, мөн гэмтэлтэй бол тэмдэглэгээ хийдэг. Гэхдээ энэ нь тийм найдвартай зүйл биш юм.  

ГЕГ-ын статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн "Авто машин дээр гаалийн хяналт сайн хийгддэг. Авто машин худалдаж, импортолж байгаа тухайн хүн мэдүүлэг дээрээ машиныхаа талаарх тэмдэглэлийг хөтөлнө. Тэр тэмдэглэл нь үнэн эсэхийг шалгадаг. Хэрвээ эвдрэл гэмтэлтэй тохиолдолд авто техникийн оношилгооны  газраар  оношлуулах ёстой. Хүний эрүүл мэнд, амь насанд хор хохирол учруулахаар эвдрэлтэй машин байх юм бол түүнийг буцаах хүртэл арга хэмжээг авдаг. Гаалийн мэдүүлэгт үнэн болон тухайн машины мэдүүлгийг худал мэдүүлсэн зүйлс тохиолддог" гэлээ.                          

Манай улс нийт 30 орноос машин импортолдог. Цаашид энэ тоо эрэлтээс шалтгаалаад нэмэгдэх нь гарцаагүй. Тэгэхээр энэ талын хяналтыг бий болгох, цаашлаад мөргөлдсөн, гэмтэлтэй автомашиныг импортоор оруулж ирэхийг хориглосон шийдвэр гаргах хэрэгтэй юм. Ингэж байж болзошгүй эрсдэлээс сэргийлэх учиртай.