Ер нь бол цахилгаан станцын бизнес ашиггүй, уламжлалт цахилгаан станц хөрөнгө оруулалтаа нөхөхөд 15 жил болно. Гэхдээ инновацын ачаар цаг үе өөр болсон.
Эм Жи Эл Кейлум ХХК-ийн DeFi хариуцсан захирал М.Хасчулуутай ярилцлаа.
Урд хөрш хилээ хааснаас хойш олон бизнес зогсонги байдалд орж байх шиг байна. Танай төсөлд энэ байдал хэр нөлөөлж байна вэ?
Манай компани эрчим хүч, уул уурхайн салбарын компани, тэр утгаараа хил хаагдсан нь тодорхой хэмжээнд төсөлд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа ч төсөл хэрэгжихэд нөлөөлсөн зүйл байхгүй. Ажил хэвийн явагдаж байна.
Та энэ 250 сая долларын хөрөнгө оруулалт татаж чадсан гэх төслийнхөө талаар товч танилцуулаач.
Маш энгийнээр танилцуулахад манай төсөл эрчим хүч, уул уурхайн баялгийг блокчэйн, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилт технологи ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон олон улсын зах зээлд гаргах зорилготой. Нийт 800 сая ам.долларын санхүүжилт шаардлагатайгаас одоогоор 250 сая ам.долларыг босгосон байгаа. Энэ хөрөнгийг эхний ээлжид төслийн суурь болсон ногоон эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажилд зарцуулна.
Монголоор дүүрэн цахилгаан станцын төсөл барьсан, ярьсан хүмүүс байна. Танай онцлог ногоон эрчим хүч гэдэгтээ байна уу, энэ талаар?
Ер нь бол цахилгаан станцын бизнес ашиггүй, уламжлалт цахилгаан станц хөрөнгө оруулалтаа нөхөхөд 15 жил болно. Гэхдээ инновацын ачаар цаг үе өөр болсон. Нэгдүгээрт манайд цахилгаан станцын гол “хоол” болсон нүүрс нь байна, хоёрдугаарт тэр нүүрсийг, шатааж эрчим хүч болгохдоо байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага түвшинд бууруулах боломжтой технологи нь байна, гуравдугаарт гарган авсан цахилгаанаа үр ашигтай ашиглан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох боломж нь байна. Хөрөнгө оруулагчдыг татсан шалтгаан нь нэгдүгээрт ногоон технологи ашиглаж байгаад, хоёрдугаарт төсөл маань өөрөө зөвхөн цахилгаан станцаар хязгаарлагдахгүй крипто майнинг фарм, аж үйлдвэрийн цогцолбор, крипто бирж зэрэг мөн цогц эко системийг бий болгож байгаад байна. Төслийн хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа мөн харьцангуй богино.
Тэгэхээр манайд бусад уул уурхай, цахилгаан станцуудад тулгардаг асуудлууд, жишээ нь нүүрс тээвэр гэх мэт асуудал байхгүй. Учир нь бид нүүрсээ урд хөрш рүү тээвэрлэх гэж олон шат дамжлага туулах шаардлагагүй гэсэн үг.
Эрчим хүчээ зарна гэсэн үг үү?
Тийм ээ, гэхдээ дотооддоо зарна. Төслийн хоёр дахь шат нь крипто майнинг фарм байгуулах. Энд нэг зүйл тодруулахад манай улс хүйтэн, хуурай цаг агаар, эрчим хүчний хямд үнэ, БНХАУ-д ойр байршлаараа крипто майнинг явуулахад хамгийн тохиромжтой бүс нутгийн нэг гэгдэж байна. 2018 оноос хойш Монголд 7000 гаруй майнэртэй фармууд байгуулагдаж, тогтвортой, амжилттай ажилласаар байгаа сайн туршлага байна.
Цахилгаан станцыг ашигтай ажиллуулахын тулд крипто майнинг зайлшгүй шаардлагатай гэж үү?
Өмнө нь хэлсэнчлэн цахилгаан станцын уламжлалт загвар, бизнесийн модель ашиг багатай, эсрэгээрээ зарим тохиолдолд алдагдалтай. Учир нь тэд энгийн хэрэглэгчийн өдрийн 3-5 цагийн хэрэгцээг хангаад бусад үед нь ачаалал бага, өөрөөр хэлбэл зардал ихтэй ажиллаж байна. Харин манай цахилгаан станц өдрийн 24 цагийн туршид тогоо үйлдвэрлэн өөрсдийн крипто фармдаа ашиглах учраас хөрөнгө оруулалтаа буцаж нөхөх хугацаа нь маш богино байгаа юм. Ялгаа нь энэ. Нөгөө талаасаа энэ цахилгаан станц эко гэдгээрээ анхдагч болно.
Монголын хувьд анхдагч юм байж. Харин бусад улсад хэр туршигдаж батлагдсан технологи вэ?
Хүлэмжийн хий ялгаруулалтыг хамгийн бага түвшинд байлгахаар шийдсэн, эко цахилгаан станцын энэ төсөл урьд нь БНХАУ-ын ӨМӨЗО-нд байгуулагдсан, одоо ажиллаж байгаа. Энэ “яндангүй” цахилгаан станцын патентаар Монгол Улсад байгуулах гэж буй Кейлум төслийн цахилгаан станцаас ялгарах азот, хүхэр, тоосонцрын бохирдол Европын стандартаас даруй таваас хорин тав дахин бага. Бүхэл бүтэн нэг станцаас гарах утаа нь нэг айлын яндангаас гарах утаатай тэнцэх өчүүхэн.
Энэ цахилгаан станц хаана баригдаж, хэзээ ашиглалтад орох вэ? Төрийн оролцоо байгаа юу? Монголд том төслүүд эхлэхэд асуудал их байдгийг гадарлаж байгаагийн хувьд асуухад...
Кэйлум төслийн энэ цахилгаан станц Төв аймгийн Баян суманд баригдана. Төслийн тооцоог KPMG хийсэн. Нийт 600 МВт хүчин чадалтай A, B, C, D гэсэн 4 блоктой байна. Ирэх оны гуравдугаар сард барилга угсралтын ажил эхлэхээр холбогдох зөвшөөрөл, лицензээ аваад байна. Танд энэ хүртэл мэдээлэл өгье.
Танд баярлалаа. Төсөлд нь амжилт хүсье.
Яриа авсанд баярлалаа. Гурван сард манай барилгын ажил эхлэх үед Баян суманд ирж танилцаарай.